Home
 

Танилцуулга

Аймгийн нийтийн номын сан нь    анх 1947 онд 1000 номтой, нэг орон тоотойгоор тэр үеийн аймгийн клубын дэргэд “Уншлагын газар” нэртэйгээр байгуулагдсан.

Эдүгээ аймгийн номын сан нь 63,7 мянган номын фондтой, 15 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус номын сан нь: Нийт 140 суудалтай 3 танхимаар уншигчдад үйлчилдэг. Үүнд:

  • Нийтийн уншлагын танхим
  • Гэрээр ном олгох, уншлагын танхим
    • Хүүхдийн уншлагын танхим  гэсэн танхимуудтай.

Үйлчилгээний танхимууд, гэрээр ном олгох тасаг тус бүр нь  өргөн хэрэглээний ном хэвлэлийн ойрын фондтой ба  үндсэн фондоосоо уншигчдын захиалгаар ном хэвлэлийг авч үйлчилдэг. Танхим бүр ном хэвлэлийн чөлөөт сонголттой үйлчилгээтэй.

Номын сан хоорондын ном солилцоог ЕБС-уудын номын сангуудтай тогтмол хийж байна.

Манай номын санд Монголын утга зохиолын ноён оргил болсон “Нууц товчоо”, “Гэсэрийн тууж”, “Жангарын тууль” болон XIII зууны үеийн Монголын эртний гүн ухаантнуудын зохиол бүтээлээс эхлэн шинэ цагийн Монгол улсын мөн дэлхийн сонгодог утга зохиол, монголын эрт эдүгээгийн түүх, соёл, зах зээлийн үеийн нийгэм эдийн засаг, улс төрийн шилдэг бүтээлүүд бүрэн байгаа нь уншигчдын эрэлт хэрэгцээг бүрэн хангах боломжтой.

Уншигч хэрэглэгчдэд хэрэгцээт мэдээллээр ханган үйлчлэхийг гол зорилгоо болгон  ажиллаж уншлагын танхим тус бүр шинэ номын мэдээлэл сурталчилгааны самбар ажиллуулах төрөл бүрийн номзүйн лавлагааны фонд, орон нутгийн картын сан, номын сангийн каталог, электрон каталог, интернэт зэрэг мэдээллийн төрөл бүрийг хэлбэрийг ашиглан хэрэгцээт мэдээллээр ханган ажиллаж байна.

2009 онд номын сангийн барилгын их засварыг дуусган зориулалтын байр тоног төхөөрөмжөөр хангагдан ажиллаж байна.

Номын сангийн үйл ажиллагааг автоматжуулах зорилгоор 2010 оноос Lib4U програм хангамжийг ашиглан мэдээллийн электрон каталогийн санг бүрдүүлэх, номыг бар коджуулах, тооллого хийх, уншигчдыг бүртгэх ажлыг автоматжуулах, уншигчийн зураасан кодтой үнэмлэх хэвлэх, номын сангийн удирдлагыг боловсронгуй болгоход шаардлагатай төрөл бүрийн тайлан мэдээ, статистик үзүүлэлтүүдийг гаргах, номын сангийн уламжлалт цаасан каталогийн картуудыг дахин бичилгүйгээр стандартын дагуу програмаас шууд хэвлэн гаргах боломжтой болсон.    Уг програмыг авч ашигласнаас хойш фондын номын 50%-ийг мэдээллийн электрон каталогийн санд оруулаад байна.

Жил бүр 2-5 сая төгрөгийн номоор фонд  баяжилт хийж шинээр ирсэн номоор иргэд, уншигчдад бүртгэн мэдээллэх болон санамж өгөх ном зүй гаргах, мөн номын үзэсгэлэн гаргаж  хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилдаг. БСГ, ЕБС, Орон нутгийн зохиолчдын холбоо, телевиз, Хүүхдийн байгууллагуудтай хамтран үдэшлэг, уулзалт, АХА тэмцээн, зохиолч уншигчдын уулзалт, Шинэ номын нээлт, номын аян, номын баяр зэрэг Соёл олон нийтийн ажлуудыг зохион явуулж байна.

Мөн цэцэрлэг, бага ангийн сурагчдын дунд номын сантай танилцах экскурс зохион байгуулж номын сангийн үйл ажиллагаатай танилцуулж  номтой зөв харьцах, номын санг хэрхэн ашиглах талаар зөвлөгөө өгч  тэдэнд чанга уншлага, тойм яриа хийж ном хэвлэлтэй танилцуулдаг.

Түүхэн хүмүүсээр лавлагаа ном  зүйн булан, БСШУ-ны сайдын тушаалаар гаргасан хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг, хүмүүжил олгоход баримтлах уран бүтээлийн жагсаалтыг гаргаж сурталчлах жагсаалтанд орсон ном хэвлэлээр булан байгуулж   илтгэл, рефератын материал бэлтгэж уншлаганд гаргаж үйлчилж байна.

Мөн үйлчилгээний танхим бүр лавлагаа номзүйн булан ажиллуулж  уншигчдын хэрэгцээ, шаардлагын дагуу лавлагаа өгч аман лавлагааны болон татгалзлын дэвтэр хөтөлж фонд бүрдүүлэлтэнд тусгаж ажилладаг.

Аймгийн нийтийн номын сан нь жилдээ 3000 гаруй байнгын уншигч 30 гаруй мянган ирэгсдэд 38000 гаруй  ном товхимол, хэвлэлээр үйлчлэн  ажиллаж байна.

Аймгийн төв номын сан нь 23 сум, ЕБ-ийн 35 сургууль,  Мэргэжил сургалт үйлчилгээний төв 1, Коллеж 1  бүгд 60 номын санг мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажилладаг бөгөөд фонд баяжилтаар ирж байгаа              “Оны шилдэг ном”-ууд, хандив тусламжийн номуудыг үндсэн фондоороо дамжуулан харьяа номын сангуудад хуваарилан хүргэдэг.

Аймгийн Нийтийн Номын сан нь өөрийн харъяаллын номын сангуудын номын санч нарт  жилд нэг удаа сургалт семинарыг зохион байгуулах, номын санчдад зориулсан мэргэжлийн гарын авлага гаргадаг бөгөөд мэргэжлийн дадлагын сургалтыг 7-14 хоногийн хугацаатай өөрийн номын сангийн тасаг хэсгүүдэд хийлгэж  тусламж зөвлөгөө өгдөг.

2010 онд ЕБС-ийн номын санч нарын сургалтыг УБ хотын Хүүхдийн номын ордонтой хамтран УБ хотод зохион байгуулж  уг сургалтанд  25 номын санч хамрагдан суралцав. Мөн онд сумын нийтийн номын сангийн номын санч нарт Монголын Үндэсний төв номын сантай хамтран сургалт семинар зохион байгуулж 27 номын санч оролцож Чандмань-Өндөр сумын номын санчийг Соёлын дээд сургуулийн мэргэжил олгох сургалтанд суралцуулсан. 2011 онд номын сангийн цогц программ Lib4U программын сургалтыг Вольвес компанитай хамтран зохион байгуулж 27 номын санчид уг сургалтанд оролцлоо. 2012 онд Аймгийн төв номын сангийн 2 номын санч МҮННС-аас зохион байгуулсан сургалтанд хамрагдаж суралцаж,  Орон нутгийн номын санч нарт сургалт семинар зохион байгуулж явуулсан.

 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Top